Skip to main content

Сагсан бөмбөгийн үүсэл хөгжил

 САГСАН БӨМБӨГИЙН ХӨГЖИЛ

Тоглоомын энэ төрлийг сэдэж олох үйл ажиллагаа 1891 оноос эхэлсэн. АНУ-ын Массачусетс мужийн Спрингфилдын Залуу христосчуудын холбооны коллежийн удирдлага зохион байгуулагч гишүүд спорт зааланд явагдаж байсан биеийн ерөнхий хөгжлийн дасгалуудаас түргэн уйдах болсон. Коллежийн оюутнууд намар нь Америк хөл бөмбөг, хавар нь хөнгөн атлетик, бейсболоор хичээллэж харин өвөл нь зөвхөн зааланд гимнастикаас өөр хичээллэх спортын төрөл байсангүй. Иймд залуучуудын сонирхлыг татах шинэ зүйл чухал шаардлагатай байлаа. Тус коллежийн биеийн тамирын хэлтсийн ахлах, нарийн бичгийн дарга доктор Лютер Хелси Гулик сэтгэл судлалын семинар дээр өвлийн улиралд битүү, хиймэл гэрэлтүүлэгтэй зааланд залуучуудын сонирхлыг татахуйц шинэ тоглоомын төрлийг сэдэж олохыг зөвлөсөн. Ингэж Гуликийн заавраар биеийн тамирын багш Джеймс Нейсмит 1891 оны өвөл тоглоомын шинэ төрлийг санаачилж “Сагсан бөмбөг”-ийг тоглоход амархан харин сайн эзэмшихэд хэцүү гэж тодорхойлж байжээ. Дж.Нейсмитийн гавяаг үнэлэн Спрингфилдын коллеж 1911 онд “Биеийн тамирын хүндэт мастер”, 1936 онд Мак Гиллын Их сургууль “Анагаах ухааны доктор” цолоор тус тус шагнасан байна. 1968 онд Спрингфилдын коллежийн дэргэд Ж. Нейсмитийн музейг байгуулсан бөгөөд хожим нь “Сагсан бөмбөгийн алдрын танхим” гэж нэрлэгдэх болсон. Ингэж хүн төрөлхтөнд гайхамшигт сайхан тоглоомыг бэлэглэсэн энэ хүнийг мөнхжүүлэн хүндэтгэл илэрхийлсэн юм. Ж. Нейсмит 1861 онд Канад улсад төрөөд 1939 онд нас барсан. Мэдээж тоглоомын шинэ төрлийг сэдэж олохын тулд эрт дээр үед Америк тивд дэлгэрч байсан бөмбөгтэй тоглоомын түүхэн мэдээ баримтуудыг ашигласан нь ойлгомжтой. Жишээ нь одоогоос 2000 жилийн тэртээ Мексикийн нутаг дээр амьдарч байсан Инк Майя гэдэг овгийнхон “Пок-то-пок” бөмбөгтэй тоглоом тоглож байжээ. Тоглоомын гол зорилго нь эгц босоо хананд байрлуулсан чулуун цагирагт бөмбөгийг шидэж оруулах явдал байлаа. Мөн XVI зууны үед Ацтекууд “Оллмалитули” нэртэй тоглоом каучукан бөмбөгөөр чулуун цагирагт шидэн тоглож байсан байна. Дж.Нейсмит заалын тагтан /балкон/ дээр жимсний 2 сагс байрлуулаад бөмбөг шидүүлдэг байсан. Гимнастикийн заалны тагтны өндөр 3 м 05 см байсан ба энэ хэмжээ одоо хүртэл сагсан бөмбөгийн цагирагийн өндөр болон хадгалсаар үлджээ. Бөмбөгийг сагсанд шидэж оруулж байсан учраас /Basket –сагс, ball-бөмбөг/ сагсан бөмбөг нэрийг олжээ. Ж. Нейсмит 1891 оны XII сард шинэ тоглоомынхоо дүрмийг бичиж анхныхаа тэмцээнийг зохион байгуулж 1892 онд сагсан бөмбөгийн дүрмийн номоо хэвлүүлжээ.
Энэ дүрмийн ном нь 13-н зүйлээс бүрддэг бөгөөд эдгээрийн ихэнх нь орчин үеийн сагсан бөмбөгийн дүрмэнд үйлчилсээр байна. 1895 оноос эхлэн цагирагийг самбарт бэхлэх болсноор тэмцээний дүрэмд бага зэрэг өөрчлөлт орсон. Тагтан дээр зогсоод тэмцээн үзэж буй сэтгэлийн хөдөлгөөнтэй хөгжөөн дэмжигчид заримдаа өөрийнхөө багт туслах зорилгоор бөмбөгийг барьж авч эсрэг багийнхаа цагирагт хийдэг байсан тул цагирагийг хамгаалах зорилгоор самбарыг ашиглах болжээ.
  Сагсан бөмбөг нь нэг төрлийн багийн спорт юм. Сагсан бөмбөгийн талбайд тус бүр 5 хүнтэй хоёр баг дүрмийн дагуу өрсөлдөгч талын цагирагт бөмбөг шидэж эсвэл тохож оруулан оноо цуглуулж, цаг дуусахад хамгийн олон оноотой нь хождог. Дэлхий дахинд өргөнөөр дэлгэрсэн, онцгойлон их үздэг спортуудын нэг нь сагсан бөмбөг болно.
Сагсан бөмбөгийн дүрмээр 3.05 метрийн өндөр шонгийн самбарт цагираг бэхлэгдсэн байхаар тогтсон. Арай ойроос бөмбөгийг шидэж оруулбал 2 оноо, гурвын шугамын араас шидэж оруулбал 3 оноог тоглогч багтаа нэмэрлэнэ. Залалт, алхалт, дамжуулалт зэргээр бөмбөгийг хөдөлгөдөг.

 МОНГОЛ ОРОНД САГСАН БӨМБӨГИЙН СПОРТ ХӨГЖСӨН ТҮҮХ

1940 -өөд оны эцсээр манай оронд уригдан ирж ажиллаж байсан Зөвлөлт Хятадын мэргэжилтнүүд, ажилчид чөлөөт цагаараа сагсан бөмбөг тоглож тэднээс офицерийн сургуулийн сонсогчид, зарим залуучууд суралцаж байснаар анхны эх үүсвэр нь тавигдсан гэх боловч хэрэглэл материал муутай, заал талбай цөөн байжээ. 1946 онд явагдсан улсын анхдугаар спартикадад спортын сайн дурын “Соёл”, “Хөдөлмөр” зэрэг нийгэмлэгүүдээс тэр үеийн волейболын тэмцээнд оролцож байсан тамирчдаас бүрдсэн багууд сагсан бөмбөг тоглож байжээ. 1954 онд улсын аварга шалгаруулах албан ёсны анхны тэмцээн явагдаж үүнд нийгэмлэгүүдийн эрэгтэй, эмэгтэй багууд оролцон “Соёл” нийгэмлэгийн эрэгтэй баг аварга болжээ. 1959 онд зохиогдсон Монголын Залуучууд Оюутны анхдугаар их наадмын тэмцээнд “МУИС”, “Барилгачин”, “Залуучууд” багууд тэргүүн байрт шалгарч байжээ. 1961 оны МБАТ-ний анхдугаар спартикадаар хот хөдөөгийн 24 нийгэмлэг, 6 их дээд сургуулийн эрэгтэй эмэгтэй 60 гаруй багийн нийт 400-аад тамирчид оролцож хотоос, МУИС-ын багийн ахлагч С.Чоён анхны спортын мастер цол хүртсэн. 1962 онд БНМАУ-ын Сагсан бөмбөг сонирхогчдын холбоог байгуулсан. 1950-иад оноос ардын армийн шугамаар манай тэргүүний сагсан бөмбөгчид Хятад, ЗХУ, Европын социалист орнуудад очиж нөхөрсөг уулзалт тэмцээнд оролцож өөрийн оронд ах дүү армиудын болон бусад баг тамирчдыг урьж уулзалт тэмцээн зохиодог болсон нь тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, залуучууд өсвөр үеийнхнийг сагсан бөмбөгийн спортоор шимтэн хичээллэхэд ихээхэн түлхэц болсон юм. Манай улсын сагсан бөмбөгийн хөгжилд Алдар нийгэмлэгийн оруулсан хувь нэмэр их билээ. 1994 онд МСБХ шинэчлэгдэн зохион байгуулагдаж Монголын сагсан бөмбөгийн лигийн тэмцээнийг анх санаачлан ажилласан. МСБХ нь 2000 оны 12 сарын 21 –нд Азийн сагсан бөмбөгийн холбооны 44 дахь, 12 сарын 29 –нд олон улсын сагсан бөмбөгийн холбооны 144 дахь гишүүн орноор тус тус элссэн билээ.

Comments

Popular posts from this blog

Rapper Gee

                                                           Gee-ийн түүх Жинхэнэ нь нэр- Э.Мөнх-Эрдэнэ Төрсөн өдөр- 1983.07.05 Rap нэр- Gee Бүлэг- click click boom Бага нас Э.Мөнх-Эрдэнэ нь 1982 оны 7 сарийн 5нд Улаанбаатар хотод төрсөн аав нь Өвөрхангай аймгийнхурандаа байсан тул ээжтэйгээ өвөрхангай аймаг луу нүүсэн. Түүнийг 2 дугаар ангид байхад нь аав нь нас барсанаар буцаад улаанбаатар хоттоо ирсэн. Багаасаа ном унших дуртай хүүхэд байсан. Нүдний өвчтэй болтлоо ном уншиж байсан ээж нь ном уншуулахгүй гээд гэрлийг нь унтраачдаг тэхээр  нь сарний гэрэлд номоо уншдаг гэж өөрөө хэлсэн байдаг билээ. 10 жил сургуульд сурахдаа 10 өөр ангид сурсан. Түүний бага нас толгойтод бусад хүүхдийн адил тоголж наадаж өнгөрсөн. Хипход амьдрал Багаасаа хипхоп хөгжим сонсдог байсан. 2000 онд B.A.T ийн зохион байгуулсан freestyle...

Kobe Bryant Career

NBA буюу Үндэсний сагсан бөмбөгийн холбоо нь Хойд Америкийн эрэгтэйчүүдийн мэргэжилийн сагсан бөмбөгийн гол лиг бөгөөд АНУ-ын 29, Канад улсын 1 нийт 30 багийн хооронд зохиогддог дэлхийн сагсан бөмбөгийн хөгжлийг тодорхойлдог гол лигүүдийн нэг ажээ. Уг лиг нь анх 1946 оны 6 сарын 6-нд “Америкийн сагсан бөмбөгийн холбоо” /Basketball Association of America/ нэртэйгээр Нью-Йорк хотод 11 багийн хооронд зохиогдож эхэлсэн бол 1949 оноос эхлэн “Үндэсний сагсан бөмбөгийн холбоо” /NBA/ нэртэйгээр зохион байгуулагдах болжээ. NBA-ын 30 баг нь Өрнөд ба Дорнод гэсэн 2 бүсэд хуваагддаг ба бүс тус бүр нь 5 багтай 3 дивизионд хуваагддаг. Өрнөд бүс буюу Westren conference-нь /Northwest, Pacific, Southwest/ Дорнод бүс буюу Eastren conference-нь /Atlantic, Central, Southeast / гэсэн дивизионд хуваагдаг. 1946-1947 оны NBA-ын аваргын төлөө Philadelphia Warriors, Chicago Stages багууд шалгаран үлдэж байсан бөгөөд Philadelphia Warriors цувралыг 4:1-ийн харьцаатай хожсоноор түүхэнд анх удаа NBA-ын аварга багаа...